Нийтлэсэн
Товч танилцуулга
2002 онд Археологийн хүрээлэн байгуулагдахад Хүрэл ба төмрийн түрүү үе, хүннү судлалын сектор нэртэйгээр ажиллаж эхэлсэн бол 2010 оноос Хүннүгийн археологийн судалгааны сектор болгон зохион байгуулжээ. 2015 оны ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн бүтцийн өөрчлөлтөөр Түүх, археологийн хүрээлэнгийн Хүннү, Эртний түүхийн судалгааны салбар нэртэйгээр ажиллаж байгаад 2019 оны бүтцийн өөрчлөлтийн дараа хүрээлэнгүүд нийлэхээс өмнө байсан бүтэц рүү шилжүүлснээр Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбар болон ажиллаж байна.
Хүннү ба эртний улсуудын судалгааны салбар нь өдгөө нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй (доктор (Ph.D) 2, магистр 4). Салбарын эрхлэгчээр доктор (Ph.D) Н.Батболд, эрдэм шинжилгээний ажилтнаар доктор (Ph.D) Ч.Ерөөл-Эрдэнэ, докторант Л.Ишцэрэн, С.Энхболд, магистр Г.Галдан, П.Алдармөнх нар ажиллаж байна.
Тус салбар нь Хүннү гүрний үеийн археологийн дурсгалуудыг бүртгэн баримтжуулах, малтлага судалгаа хийх, олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан эртний улсуудын түүх, угсаа гарвал, улс төр-нийгмийн байгуулал, аж ахуй, шашин шүтлэг, оюуны болон эдийн соёлын асуудлыг нарийвчлан судлах чиглэлээр тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна.
Салбарын судалгааны гол чиглэл болох Хүннү судлалаар энэ хугацаанд тасралтгүй ажиллаж ирсний үр дүнд Монгол улсын нутагт орших 350 гаруй дурсгалт газрын 11000 илүү Хүннүгийн булш, оршуулгын дурсгалыг цахим бүртгэлд оруулж, Хүннүгийн булш, оршуулгын дурсгалууд гэсэн нэртэйгээр газрын зураг хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Өнгөрсөн жилүүдэд Франц, БНСУ, ОХУ-ын судлаачидтай хамтран Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс зэрэг Хүннүгийн язгууртны булш бүхий томхон дурсгалт газруудад суурин судалгаа эрчимтэй хийсэн. Дээрх судалгаануудын үр дүнд Хүннүгийн ихэс язгууртны булшны бүтэц, зохион байгуулалт, оршуулгын зан үйлийг тодруулан судалсаны зэрэгцээ он цагийг орчин үеийн лабораторийн судалгааны аргаар нарийвчлан тодорхойлох, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, бүтэц найрлага, гарал үүслийг тодорхойлох зэрэг шинэлэг судалгаа хийсний үр дүнд хүннү нар зөвхөн хөрш зэргэлдээ улс гүрнүүд төдийгүй өрнө, дорнын олон улстай өргөн харилцаатай, өрнө, дорныг холбох гүүр болж байсныг бататган судалжээ.
Хүннү судлалаар сүүлийн жилүүдэд гарсан томоохон бүтээлүүдийн дийлэнхийг манай судлаачид хэвлүүлжээ. Үүнд: Монгол нутаг дахь хүннүгийн булш, оршуулгын дурсгалууд (солонгос хэлээр) (Сөүл., 2009), Хүннүгийн өв (УБ., 2011), Хүннүгийн толь бичиг (УБ., 2011), Хүрэл, түрүү төмрийн үе ба хүннүгийн өмнөх соёлын судалгааны асуудал (УБ., 2014), Хүннүгийн шастир (Сыма Цяний “Ши цзи” зохиолын 110-р бүлэг) (УБ., 2014), Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалын судалгаа (УБ., 2015), Монголын археологийн өв (3-р боть) (УБ., 2016), Монголын анхны төрт улс Хүннүгийн соёл (солонгос хэлээр) (Сөүл., 2016) Хүннүгийн археологи (солонгос хэлээр) (УБ., 2018), Гуа довын хүннүгийн дурсгал (УБ., 2018), Зүүн байдлагийн голын сав дахь археологийн дурсгалууд (УБ., 2018), Монголын палеонтологи, археологийн сор олдворууд (УБ., 2019)зэрэг ном бүтээлийг хэвлүүлсэн байна.
Мөн Монголын Хүннүгийн язгууртны булш оршуулгын дурсгалыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлээд байна.
Эртний нүүдэлчдийн төмөрлөг боловсруулалтын судлалаар энэ хугацаанд тасралтгүй ажиллаж ирсний үр дүнд эртний зэс хайлуулж байсан зуухны үлдэгдлүүд болон зэсийн хүдэр ухаж байсан ухмалуудыг Монгол орны говийн бүс нутаг болох Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай зэрэг аймгийн нутгаас илрүүлэн олж судалгааны эргэлтэнд оруулаад байна. Мөн түүнчлэн Хүннүгийн үед холбогдох төмрийн хүдэр хайлуулах зуух бүхий төмөрлөг үйлдвэрлэлийн 6 газар буйг илрүүлэн олж малтлага судалгааг хийгээд байна. Монгол Алтайд хэрэгжүүлж буй судалгааны үр дүнд НТӨ II зуунаас НТ IX зуун хүртлэх урт хугацаанд төмөрлөг үйлдвэрлэл эрхэлж байсан дурсгалуудыг Говь-алтай, Баян-Өлгий, Увс аймгийн нутгаас илрүүлэн олж судалгааг хийж байгаа бөгөөд Алтайн бүс нутаг нь Төв Азийн эртний төмөрлөг үйлдвэрлэлийн нэгэн томоохон бүс нутаг байсан, нүүдэлчдийн тухай бичгийн сурвалжид тэмдэглэгдэж үлдээгүй үйлдвэрлэлийн талаарх түүхийг нэхэн сэргээхэд чухал баримт хэрэглэгдэхүүн болж буйгаараа судалгааны өндөр ач холбогдолтой юм. Судалгааны үр дүнд “Зүүн Байдлагийн голын археологийн дурсгалууд” хэмээх хамтын бүтээлийг 2018 онд хэвлүүлсэн. Мөн тус сэдвээр “Хустын булагийн дурсгалт газарт илэрсэн төмрийн хүдэр хайлуулах болон ваар шатаах зуухны он цагийн асуудалд” (УБ., 2012), Ч.Амартүвшин, Т.Сасада, Г.Эрэгзэн, Л.Ишцэрэн, И.Үсүки. “Хүннүгийн төмрийн хүдэр хайлуулах зуухны судалгааны зарим асуудал” (УБ., 2014), Л.Ишцэрэн, Т.Сасада, Л.Мөнхбаяр. “Төв болон зүүн монголын нутагт хийсэн археологийн хайгуул судалгааны урьдчилсан үр дүн” (УБ., 2015) зэрэг өгүүлэл хэвлүүлээд байгаа билээ.
Хүрэл, түрүү төмөр зэвсгийн үеэс хүннүгийн үеийн эртний нүүдэлчдийн үлдээсэн бууц суурингийн дурсгалыг илрүүлэх, малтан судлаж тухайн түүхэн үеүдэд болж өнгөрсөн аж ахуй, засаг захиргааны өөрчлөлт хэрхэн явагдсаныг нэхэн сэргээхээс гадна нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг тодруулах зорилготой судалгааг гүйцэтгэж тодорхой үр дүнд хүрээд байна. Дээрх судалгааны хүрээнд “Б.Жаргалан, Г.Галдан, У.Гарднер. Тарвагатайн голын хөндийд хийж буй судалгаа ба археологийн онол арга зүйн асуудал (УБ., 2014), Г.Галдан. Эртний нүүдэлчдийн бууц суурин (отог)-гийн судалгаа (УБ., 2015), Г.Галдан, Ч.Амартүвшин. Эртний нүүдэлчдийн газар эзэмшилт (Умард нутгийн жишээн дээр) (УБ., 2018) зэрэг эрдэм шинжилгээний өгүүллээс гадна “Зүүн Байдлагийн голд хийсэн археологийн судалгаа” (УБ., 2018) нэгэн сэдэвт хамтын бүтээл хэвлэгдсэн байна.
Мөн Хүннү гүрний үеийн шавар урлал болох ахуйн ваар сав болон барилгын дээврийн ваарын судалгааг дагнан гүйцэтгэж байна. Хүннү булш оршуулгаас илэрсэн ваар савны хэлбэр хийц, онцог шинж, хоорондын уялдаа холбоо, үйлдвэрлэлийн асуудал зэргийг хамруулан судлахын зэрэгцээ хөрш зэргэлдээ орны бусад соёлуудтай харьцуулж, хоорондын харилцаа холбоо, арга зүйн онцлог байдлыг тодорхойлох, мөн Хүннүгийн үеийн хот сууринаас олдсон барилгын дээврийн ваарын хэлбэр хийц, онцлог шинж, үйлдвэрлэлийн асуудал зэргийг тодруулахаар ажиллаж байна. Дээрх судалгааны хүрээнд гаргасан бүтээлүүдээс дурдвал, Ян Ши Өн, П.Алдармөнх. Монголын нутгаас илэрсэн Хүннү ваарны анхан шатны судалгаа (Сөүл хот 2014), Г.Эрэгзэн, П.Алдармөнх. “Дуурлиг нарсны Хүннү булш-II” (Сөүл хот 2015), П.Алдармөнх, Ким Сан мин. Өмнөд хаалганы хэсгийн судалгаа. “Гуа довын хүннүгийн дурсгал” (Сөүл, 2018), П.Алдармөнх. Хүннүгийн ахуйн болон барилгын ваар (Сөүл, 2019) зэргийг нэрлэж болно.
Монголоос илэрсэн Хүннүгийн хот суурины дурсгалууд дотроос Хэрлэн голын баруун эргийг даган байрлах Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээт дов, Өндөр дов, Гуа дов зэрэг 5 дурсгал судлаачдын анхаарлыг татсаар ирсэн бөгөөд үүнээс сүүлийн жилүүдэд Тэрэлжийн дөрвөлжин, Гуа дов, Хүрээт дов зэрэг газруудад малтлага судалгааны ажил хийж байгаа төдийгүй Хүрээт довын орчимд дээр дурдсан газруудтай ямар нэгэн байдлаар холбоотой төмрийн хүдэр хайлуулж байсан зуух, ахуйн болон барилгын дээврийн шавар ваар шатаах зуух зэрэг үйлдвэрлэлийн газруудын ул мөрийг малтан судлах ажлуудыг хэрэгжүүлж, тэр дундаа Гуа довын дурсгалт газар хийсэн археологийн болон байгалийн шинжлэх ухааны олон талт судалгаагаар язгууртны зуны орд, өргөө байсан хэмээн үзсэн нь эдгээр хот суурины дурсгалуудын үүрэг зориулалтыг өнөөг хүртэл “тахилын зориулалттай, хүн удаан сууж байгаагүй” хэмээх ойлголтыг эргэн харахад хүрээд байна.
Салбарын зорилт
Монголын анхны тулгар төр Хүннү гүрний соёлын өвөрмөц онцлог, хамрах хүрээг тодорхойлох, дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинээр авч үзэх, хот суурин, үйлдвэрлэл, төмөрлөг боловсруулалтын судалгааг өргөжүүлэх, Монголчуудын өвөг дээдэс мөн болохыг тогтоох, Сяньби, Жужаны үеийн археологийн дурсгалыг Монгол улсын нутгаас шинээр нээж олох, түүх, угсаа-соёлын тулгамдсан асуудлыг эх сурвалж, олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан судлах нь тус салбарын судалгааны үндсэн чиглэл юм. Энэхүү үндсэн чиг үүргийн хүрээнд салбарын зорилт нь дараах байдлаар тодорхойлогдоно. Үүнд:
· Монгол болон бүс нутагт тархсан Хүннү гүрний түүхэнд хамаарах археологийн дурсгалын мэдээллийн нэгдсэн сан буй болгох
· Хүннүгийн хот суурины судалгааны ажлыг эрчимжүүлэх, ном бүтээлүүдийг хэвлэн нийтлүүлэх,
· Хүннүгийн үйлдвэрлэлийн түүхэнд холбогдох газруудад хайгуул судалгааг явуулах, шинээр нээж илрүүлэх, тусгайлсан лабораторийн шинжилгээ хийх, нүүдлийн болон суурин амьдралын хоорондын харилцаа, аж ахуйн онцлог, хот байгуулалтын онцлог зэргийг судлах
· Хүннүгийн археологийн дурсгалын он цагийг тодруулах, эрт үеийн түүхэнд хамаарах дурсгалуудыг тусгайлан судлах, хүрэл болон төмөр зэвсгээс Хүннүгийн үед шилжих шилжилтийн үеийн түүхийг тодруулах
· Хүннүгийн дараа үед монгол нутагт оршин тогтнож байсан Сяньби, Жужан зэрэг улс орнуудын түүх соёлын харилцаа, уламжлалын асуудлыг тодруулах судалгааг явуулах
· Илэрч олдсон дурсгалуудад нарийвчилсан судалгааны ажлыг явуулах бөгөөд он цаг тогтоох шинжилгээг хийлгэх, харьцуулсан судалгаа явуулах
Хамрах хүрээ
Тус салбарын судалгаа Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамрах бөгөөд хөрш зэргэлдээ улс орнуудын нутаг дэвсгэрт хийгдэж буй тухайн он цагт хамаарагдах дурсгалын талаарх судалгааг хамруулан авч үзэж болно. Судалгааны эх хэрэглэгдэхүүн боловсруулахад гадаадын мэргэжлийн ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллана.
Өвөрмөц нөхцөл байдал: Одоогийн Монгол Улсын газар нутаг нь Хүннү болон түүний дараах төрт улсуудын археологийн дурсгалын гол цөм нутаг дэвсгэр болно. Тиймээс Хүннүгийн дурсгалын хамгийн томоохон цогцолборууд монгол нутагт байна. Иймээс Хүннүгийн судалгааны ажил монгол нутагт харьцангуй их хэмжээгээр хийгдсэн тул туршлага, хариуцлага, судлах дурсгал, судалгааны арга зүй төлөвшсөн байдалтай байгаа.
Хөрөнгө оруулалт: Гадаадын их, дээд сургууль, музей, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд болон дотоодын суурь судалгаа, грант, захиалгат, хамтарсан төслийн санхүүжилтээр судалгаа явуулж байна.
Хамтын ажиллагаа
Тус салбар нь БНСУ-ын Үндэсний музей, Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн, Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Японы Эхимэ Их Сургууль, Нийгата Их сургууль, АНУ-ын Ийелийн Их сургууль, Монакогийн вант улсын Нэн эртний хүн судлалын музей зэрэг байгууллагуудтай эрдэм шинжилгээ, судалгаа, докторантурын хүрээнд хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан Л.Ишцэрэн Япон улсын Эхимэ Их сургуулийн докторантурын сургалтанд хамрагдан суралцаж байна.