Нийтлэсэн
Товч танилцуулга
2002 онд Археологийн хүрээлэн анх бие даасан байдлаар байгуулагдахад археологийн сан хөмрөг гэсэн тусгай нэгж байгуулагдаж байсан бол ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2009 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор Археологийн хүрээлэнгийн бүтцийг дахин шинэчлэн батлахад музей-лабораторийн сектор болон палеоантропологи-палеозоологийн сектор гэсэн нэгжүүд байгуулагдаж байсан. 2015 онд 2 хүрээлэн нэгдсэн үйл ажиллагаа явуулахад археологийн сан хөмрөг, лаборатори нь Археологийн төвийн харьяанд үйл ажиллагаа явуулсан байдаг. 2019 онд Археологийн хүрээлэн дахин бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэхэд тус нэгжийг Сан хөмрөг, лаборатори нэртэйгээр тусд нь бие даалган үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулсан. Энэ салбарт Археологийн сан хөмрөг, палеоантропологи-палеозоологийн лаборатори, сэргээн засварлах лаборатори гэсэн 3 тусгай чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хэсгүүдийг нэгтгэн хамруулсан юм. Салбарын эрхлэгчээр доктор, профессор Б.Цогтбаатар ажиллаж байгаа бөгөөд сан хөмрөгийн хэсэгт магистр М.Баярсайхан, Э.Амарболд, С.Далантай, Ц.Цэгмид нар, палеоантропологи-палеозоологийн лабораторид докторант Ц.Амгалантөгс, Л.Дэлгэрмаа, С.Эрдэнэ, Д.Мандах нар, сэргээн засварлах лабораторид докторант Р.Эрдэнэцэцэг, магистр Н.Нандинцэцэг нар ажиллаж байна.
Тус салбарын харьяанд 1950-иад оноос хойш Монгол улсын нутаг дэвсгэрт явуулсан археологийн малтлага судалгааны явцад илрүүлсэн олсон дийлэнх олдворууд болох 30 мянга орчим нэгж олдвор нийт 4 сан хөмрөгт хуваагдан хадгалагддаг. Мөн бүс нутагт дээгүүрт орох эртний хүний ясны хэрэглэгдэхүүн, мал амтны ясны цуглуулгыг бүртгэн баримтжуулж хадгалж байна. Сэргээн засварлах лаборатори нь БНСУ-ын тусламжаар бүрэн тоноглогдсон бөгөөд төмөрлөг эдлэлийн сэргээн засварлалтыг бие даан хийх боломжтой манай улсад ховорхон лабораторийн нэг юм.
Салбарын зорилт
Археологийн олдвор, эд өлгө, хэрэглэгдэхүүнийг стандартын дагуу хадгалалт хамгаалалт хийх, малтлагаар илэрсэн хүн, малын ясны хэмжилт судалгаа хийх, төмөрлөг болон шавар эдлэлд сэргээн засварлалт хийх үндсэн үүрэгтэй. Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, хүн, малын ясны судалгааны үр дүнд эртний хүн ам зүй болон мал амьтны бүтэц, өөрчлөлтийг судлах, олдворыг сэргээн засварлаж, хадгалалт хамгаалалтын нөхцөлийг дээшлүүлэх нь тус салбарын үндсэн зорилго юм. Энэ зорилгын хүрээнд ирэх 4 жилд хэрэгжүүлэх зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
· Археологийн сан хөмрөгийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хэсэгчилэн засах зорилготой бичил төслүүдийг боловсруулж хөрөнгө санхүүгийн дэмжлэг хайх (сан хөмрөгийг засварлах болон камержуулах зэрэг).
· Сан хөмрөгийн орчин, нөхцөлийг бүхлээр нь шийдвэрлэх зорилгоор Үндэсний археологийн музей, судалгааны цогцолборын төсөл боловсруулж салбарын Яамаар дамжуулан Засгийн газарт өргөн барих.
· Сан хөмрөгийн цахим бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгож хөгжүүлэх. Сан хөмрөгт хадгалагдаж буй олдворуудыг цахимаар хайх, үзэх боломж бий болгох.
· Палеоантропологи-палеозоологийн сан хөмрөгийг шинэчлэн, бүртгэл болон савлагааг орчин үеийн стандартад нийцүүлэх, улмаар бүс нутагт дээгүүрт орох лаборатори болгон зохион байгуулах.
· Эртний хүн болон мал, амьтны ясанд хэмжилт судалгаанаас гадна байгалийн ухааны олон талт шинжилгээг хийж, монголчуудын угсаа гарвалын асуудал, монгол нутагт мал гаршуулсан асуудал, мал сүргийн бүтцийн цаг хугацааны өөрчлөлт зэрэг асуудлуудыг нарийвчлан судлах ажлыг эхлүүлэх.
· Төмөрлөг эдлэлийн сэргээн засварлалтыг ажлыг тасралтгүй хийх боломжоор хагнах, цаашлаад улсдаа тэргүүлэх зэргийн лабораторитой болох.
Хамрах хүрээ
Монгол улсын нутагт ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн тэнхим, музей, соёлын өвийн төв болон өөрийн байгууллагын нийт салбар нэгжүүдтэй хамтран ажиллана.
Өвөрмөц нөхцөл байдал: Монгол улсын нутгаас илэрсэн археологийн олдворын дийлэнх хувийг хадгалж байгаа ба палеоантропологи-палеозоологийн хамгийн том сан хөмрөгтэй. Мөн бүрэн тоноглогдсон төмөрлөг эдлэлийн сэргээн засварлах лабораторитой.
Хөрөнгө оруулалт: БНСУ-ын Соёлын өвийн удирдах газрын тусламжаар төмөрлөг эдлэл сэргээн засварлах лаборатори байгуулсан ба гадаад улс орны эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа хамтарсан төслийн хүрээнд зарим тусламж дэмжлэгийг авч байсан. Одоогоор шууд хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллаж буй санхүүжилт байхгүй.
Хамтын ажиллагаа:
Тус салбарын ажилтнууд Японы хэд хэдэн Их сургууль, АНУ-ын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хээрийн судалгааны төсөлд оролцон ажилладаг. БНСУ-ын Соёлын Өвийн Үндэсний хүрээлэнтэй хамтарч зарим мэргэжилтэнг сургах дадлагажуулах ажил хийж байсан.