Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 0

Дундад зууны судалгааны салбар

Товч танилцуулга

Дундад зууны судалгааны салбар нь тус хүрээлэнгийн ууган салбарын нэг бөгөөд анхны секторын эрхлэгчээр доктор Г.Сүхбаатар, доктор М.Санждорж, доктор А.Очир нарын зэрэг манай нэртэй түүхчид ажиллаж байсны дээр ШУА-ийн сурвалжлагч гишүүн, доктор Х.Пэрлээ, академич Ш.Нацагдорж, академич Ч.Далай, академич Н.Ишжамц, доктор Д.Гонгор, Ц.Насанбалжир нарын зэрэг алдартай эрдэмтэн мэргэд тус салбараас төрөн гарсан юм. 2002 онд Археологийн хүрээлэн байгуулагдсанаар “Дундад зууны археологийн сектор” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, 2009 онд Археологийн хүрээлэнгийн “Дундад зууны археологийн судалгааны сектор” болон шинэчлэн байгуулагдаж, 2015-2019 онд Түүх, археологийн хүрээлэнгийн “Дундад зууны судалгааны салбар”, 2019 оноос Археологийн хүрээлэнгийн “Дундад зууны судалгааны салбар” нэртэйгээр ажиллаж байна. Тус салбарт 6 судлаач ажиллаж байгаагаас доктор (Ph.D) 3, магистр 4 байна (А.Энхтөр, Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх, Л.Мөнхбаяр, Т.Батбаяр, Г.Батболд). Эдгээр судлаачид нь орос, англи, герман, хятад, япон, солонгос, түрк зэрэг судалгааны хэлтэйгээс гадна эртний түрэг, хятадынсурвалжийн хэлийг эзэмшсэн, олон жилийн туршлагатай мэргэжлийн аргазүйтэй чадварлаг судлаачдаас бүрдэнэ.

Монгол улсын нутагт буй, VI-XVII зууны үед холбогдох хот суурин, сүм хийдийн тур, булш оршуулга, тахилга тайлгын онгон, хадны зураг, бичээс зэрэг археологийн баримт, хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулахнарийвчлан судлах нь тус салбарынхны судалгааны үндсэн чиглэл болно.

Дундад зууны судалгааны салбарынхан 2002-2019 онд Монголын дундад зууны үеийн археологийн судалгааны чиглэлээр “Монголын археологи”“Нүүдэлчдийн хот суурин”“Торгон замын хөгжилд Төв Азийн нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг” зэрэг суурь судалгааны сэдэвт ажлууд, Монгол-Германы хамтарсан “Хархорум хотыг судлах”, Монгол-Германы хамтарсан “Орхон”, Монгол-Туркийн хамтарсан “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сэргээн засварлах”, Монгол-Японы хамтарсан “Бичээс-2”, Монгол-Казахстаны хамтарсан “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн дурсгалыг судлах”, Монгол-Герман-Израилийн хамтарсан “Хархорум хотыг судлах”, Монгол-Германы хамтарсан “Орхон”, Монгол-Казахстаны хамтарсан “Шивээт Улаан”, Монгол-Германы хамтарсан “Хархорум” зэрэг олон улсын төслүүдийг хамтран гүйцэтгэж ирсэн юм.

Дээрх төслүүдийн үр дүнд “Qara Qorum-City (Mongolia) I. Preliminary report of the excavations 2000/2001Bonn Contributions to Asian Archaeology. Vol. 1, 2002”“Dschingis Khan und seine Erben. Das Weltreich der Mongolen” (“Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” үзэсгэлэнгийн цомог) (2005)“Хар бух балгас ба Туул голын сав дахь Хятаны үеийн хот суурингууд” (2005), “Хар балгас ба Хархорум  Орхоны хөндий дэх хожуу нүүдэлчдийн суурьшмал хоёр хот” (2009), Бичээс II. 2006-2008 оны Монгол улс дахь Түргийн бичээс ба эртний дурсгалыг судлах экспедицийн илтгэл (2009), “Mongolian-German Karakorum Expedition. Vol. 1. Excavations in the Craftsmen Quarter at the Main Road. Forschungen zur Archäologie Auβereuropäischer Kulturen. Band 8” (2010)Хадны оршуулгын судалгааны зарим асуудлууд (2012), Монголын Дундад зууны археологийн судалгаа”. Бүтээлийн эмхтгэл. II боть (1992-2003 он) (2013), Монголын Дундад Зууны археологийн судалгаа. Бүтээлийн эмхтгэл. III боть (2004-2010 он) (2014), Хятаны өв соёл (2014), Этүгэн.Эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл (2015), “Хубилай Сэцэн хаан ба Монголын Юань улс. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл” (2015), “Хубилай Сэцэн хаан ба Монголын Юань улс. Эрдэм шинжилгээний цомог” (2015), Moğolistandaki Türk Ayak İzleri / Turkic Footprints in Mongolia (2016)“Хархорум хотын археологийн судалгаа (2017), Монголын эртний түүх – IV боть: Түрэг, Уйгур (2017), Мартагдсан Пүгү аймаг (2017, 2018), Монгол орон ба эрт ба дундад үеийн Евразийн сүлжээ / Mongolia and the Eurasian Network in the Ancient and Medieval periods. Эрдэм шинжилгээний цомог (2018), Түрэг, Монгол судлалын өгүүллүүд. Эрдэм шинжилгээний бүтээлийн түүвэр (2003-2018 он) (2018), Эртний Түрэгийн «Шивээт Улаан» тахилын онгон цогцолбор. Эрдэм шинжилгээний цомог” (2019), Монголын эзэнт гүрний түүх – IV боть (2019) зэрэг нэгэн сэдэвт зохиол, хамтын бүтээл, бүтээлийн эмхэтгэл, хурлын эмхэтгэл, цомгууд хэвлэгдэж нийтийн хүртээл болжээ.

Салбарын зорилт

Дундад эрт болон дундад үеийн түүхэнд холбогдох томоохон гол дурсгалуудыг нарийвчлан тодорхойлох, энэ чиглэлээр тусгай төслүүдийг хэрэгжүүлж, судалгааны ажлыг өргөтгөх, зарим шинээр илэрсэн эх хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулах үндсэн чиг үүргийн хүрээнд салбарын зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

·  Түрэгийн язгууртны тахилын онгон, хүн чулуут тахилын байгууламж, булш оршуулга, хот суурин, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалыг судалгааны эргэлтэд оруулах, хэвлэн нийтлэх,

·  Уйгурын хот суурин, булш, бунхант оршуулга, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалыг судалгааны эргэлтэнд оруулах, хэвлэн нийтлэх,

·  Киданы үеийн хот суурин, булш оршуулга, бичиг үсгийн дурсгалыг судалгааны эргэлтэнд оруулах, хэвлэн нийтлэх,

·  Монголын эзэнт гүрний хот суурин, булш оршуулга, хүн чулуут тахилын байгууламж, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалыг судалгааны эргэлтэнд оруулах, хэвлэн нийтлэх, 

·  Монголчуудын дэлхийн болон бүс нутагт гүйцэтгэсэн нөлөөлөл, өвийг судлах, орчуулах,

·  Манжийн үеийн хот суурин, суварга, тахилын байгууламжийн археологийн судалгааг хийх гэсэн чиглэлээр судалгаа явуулах, ном бүтээл туурвих, судалгааны эргэлтэнд оруулах.

·  Урьд өмнө судалсан дурсгалуудын судалгааг цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ тухайн нэгэн цаг үед холбогдох ерөнхий байдлаар хамаатуулсан зарим дурсгалуудын бүтэц, зохион байгуулалт, он цагийн асуудлыг нарийвчлан тодорхойлох, 

·  Монголын эзэнт гүрний үеийн булш оршуулгын дурсгалыг бүсчлэн судлах, дундад зууны үед холбогдох дурсгалуудыг шинээр нээн илрүүлэх

Хамрах хүрээ

Дундад зууны археологийн судалгааны он цагийн хамрах хүрээ нь Түрэг улсын үе буюу НТ 555 оноос XVII зууны сүүл үе хүртэлх үеийг хамруулан үздэг. Орон зайн хувьд Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах бөгөөд хөрш зэргэлдээ улс орны нутагт дэвсгэрт хийж буй судалгааны үр дүнг ашиглана.

Өвөрмөц нөхцөл байдал: Монгол улсын нутаг дэвсгэр нь дундад зууны түрүү үеэс хожуу дундад зууны үеийг хүртэлх эзэнт гүрнүүдийн голомт бөгөөд дэлхийн дахины түүхэнд гүнзгий нөлөө үзүүлсэн Монголын эзэнт гүрний мандсан газар, Чингис хааны төрсөн нутаг болохын хувьд тухайн үеүдэд холбогдох арвин баялаг дурсгалтай, тэр хэрээрээ дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын сонирхлыг татсаар иржээ. 

Хөрөнгө оруулалт: Гадаадын их, дээд сургууль, музей, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд болон дотоодын суурь судалгаа, грант, захиалгат, хамтарсан төслийн санхүүжилтээр судалгаа явуулж байна.

Хамтын ажиллагаа

Тус салбар нь Герман, Япон, Казахстан, Хятад зэрэг орны нийт 8 байгууллагатай эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд хамтран ажиллаж байна.