Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 0

Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар

Товч танилцуулга

2002 онд Археологийн хүрээлэн байгуулагдсанаар “Хүрэл төмөр, Хүннүгийн сектор” нэртэйгээр судалгааны үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 2009 онд Археологийн хүрээлэнгийн “Хүрэл, төмрийн судалгааны сектор” болон шинэчлэн байгуулагдаж, 2015-2019 онд Түүх, археологийн хүрээлэнгийн “Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар”, 2019 оноос Археологийн хүрээлэнгийн “Хүрэл ба төмрийн үеийн судалгааны салбар” нэртэйгээр ажиллаж байна. Тус салбарт 4 судлаач ажиллаж байгаагаас доктор (Ph.D) 2, магистр 2 байна (Ц.Төрбат, Ж.Гантулга, Д.Батсүх, Ц.Цэлхагарав). 

Тус салбар нь Монголын хүрэл, түрүү төмөр зэвсгийн үеийн голлох археологийн соёлууд ба дурсгалуудыг бүртгэн баримтжуулах, хайгуул, малтлага судалгааны чиглэлээр тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Өмнөх хугацаанд Монгол Алтайн хүрлийн үеийн археологийн соёлуудын он цаг ба соёлын хамаарлын шинэ схемийг гаргажээ. Энэ ажлыг 2004-2014 оны хээрийн судалгааны үр дүнд нээн тодорхойлсон Түрүү хүрлийн үеийн Хэмцэгийн соёл, Цэнгэл хэлбэрийн тахилгын байгууламж, Хөгжингүй ба хожуу хүрлийн үеийн Сагсай хэлбэрийн булш, Баянтүмбэ ба Баян-Өндөрийн хэлбэрийн булшнуудын хэрэглэгдэхүүнд тулгуурлан радиокарбоны он цаг болон харьцангуй он цагийг баримтлан гаргажээ. Мөн хөрш зэргэлдээх Өмнөд Сибирийн Окунево, Каракол, Елуниний соёлуудтай харьцуулан судлаж соёл хоорондын нөлөөллийг тодруулсан байна. 

Буган хөшөө судлалаар энэ хугацаанд тасралтгүй ажиллаж ирсний үр дүнд Монгол нутагт 1240 илүү буган хөшөөдийг бүртгэн баримтжуулж бүрэн бүртгэлийг гаргажээ. Үүний үр дүнд “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” томоохон хэмжээний хоёр боть каталогийг 2018 онд хэвлүүлээд байна. Буган хөшөө судлалаар сүүлийн жилүүдэд гарсан томоохон бүтээлүүдийн дийлэнхийг манай судлаачид хэвлүүлжээ.Үүнд: “Ц.Төрбат, Ж.Баярсайхан, Д.Батсүх, Н.Баярхүү. “Жаргалантын амны буган хөшөөд” (УБ., 2011), Ж.Гантулга, Ч.Ерөөл-Эрдэнэ, Ж.Магай. “Хойд Тамирын хөндийн буган хөшөөд” (УБ., 2016) нэгэн сэдэвт бүтээлүүд, Ж.Гантулга, Ч.Ерөөл-Эрдэнэ, Ж.Магай. Хойд Тамирын голын сав нутаг дахь буган хөшөө. Каталоги” (УБ., 2011) “Ц.Төрбат (Ред.). Монголын буган хөшөөд” (УБ., 2016), “Ц.Төрбат (Ред.). Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” Тэргүүн, дэд боть (УБ., 2018) каталоги зэргийг хэвлүүлэв. Монголын буган хөшөөг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлсэн төдийгүй одоо жинхэнэ жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байна. 

Хүрэл, түрүү төмрийн үеийн эртний нүүдэлчдийн зэр зэвсгийн судалгааг дагнан гүйцэтгэж зэвсгийн холбогдолтой олдворууд, хадны зураг болон буган хөшөөнөө дүрслэгдсэн зэр зэвсгийн дүрслэлүүдийг татан хамруулан хөрш зэргэлдээ орны бусад соёлуудтай харьцуулж, тэдгээрийн соёлын хамаарлыг тогтоон, Монголын хүрэл, түрүү төмөр зэвсгийн үеийн голлох археологийн соёлууд болох “дөрвөлжин булшны соёл”“хиригсүүр ба буган хөшөөний соёл”, “чандманийн соёл”“пазырыкийн соёл”-т эртний ард түмний зэр зэвсгийн иж бүрдэлийг археологийн бодит баримтанд тулгуурлан сэргээн гаргаж, тэдгээр соёлуудын зэр зэвсгийн ялгаатай болон адил тал, онцлог, уламжлал, хувьсалт өөрчлөлт, хөгжлийн зүй тогтолыг тодорхойлжээ. 

Хүрлийн үеийн өөр нэгэн үндсэн дурсгал болох хадны зургийн судалгааны чиглэлд тэргүүлэх байр суурьтай ажиллаж олон арван дурсгалыг шинээр нээж судалгааны эргэлтэд оруулсан төдийгүй сүүлийн жилүүдэд гарсан олонхи бүтээлийг манай судлаачид оролцон хэвлүүлжээ. Түрүү хүрлийн үеийн хадны зургийн пластыг анх удаа илрүүлж Хэмцэгийн соёлд хамааралтай болохыг тогтоосноор Монголын хадны зургийн он цагийн системийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Монгол-Орос-Хятадын хамтарсан археологийн форумын хүрээнд хадны зургийн судалгааны чиглэлээр цуврал хурлыг 2015 оноос хойш тасралгүй зохион байгуулж хурлын эмхэтгэлийг хэвлүүлээд байна. Сүүлийн жилүүдэд манай судлаачдын гарсан томоохон бүтээлүүдээс нэрлэвэл, Н.Батболд. “Монголын Говийн бүсний хадны зургийн судалгаа” (УБ., 2014), Н.Батболд. “Монголын хадны зураг. Каталоги” (УБ.,2016), “Монгол Алтайн чулуун шастир” (УБ., 2016) зэргийг дурдаж болно.

Хүрлийн үеийн өөр нэгэн голлох дурсгал болох хиргисүүрийн судалгааны тулгуур асуудлын нэг болох гарал үүслийн асуудлыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын цогцолборын жишээн дээрээс тодруулж Сагсай хэлбэрийн булшнаас гаралтай гэсэн шинэ таамаглалыг дэвшүүлж олон баримтаар нотлоод байна. 

Дөрвөлжин булшны судалгаанд тус салбарын судлаачид тэргүүлэн оролцож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд гарсан томоохон хэмжээний бүтээлүүдэд тусгай бүлэг зүйлийг бичиж байна. Дөрвөлжин булшны он цагийг хавьгүй хойш татаж НТӨ X-IV зуун гэсэн шинэ онолыг дэвшүүлээд байна. Энэ нь Төв Азийн угсаа түүхийн цоо шинэ концепц зохиоход нөлөөлөх хэмжээний шинэлэг зүйл болсон билээ.

Түрүү төмрийн үеийн голлох археологийн соёл болох Пазырыкийн соёлын судалгааны чиглэлд гол материалыг манай судлаачид бий болгов. 2005-2013 онд Баян-Өлгий аймгийн нутагт 39 оршуулгын дурсгалыг нээн малтаж олон зуун эд өлгийн зүйлсийг илрүүлэн хүн малын ясны бүрэн судалгааг хийлгэсэн байна. Энэ чиглэлд “Монгол Алтайн мөнх цэвдгийн булш: Монголын Пазырыкийн соёл. Каталоги” (УБ., 2016) бүтээлийг  монгол, герман хэлээр хэвлүүлсэн байна. Мөн “Монгол Алтайн мөнх цэвдгийн булш: Монголын Пазырыкийн соёл” эрдэм шинжилгээний үзэсгэлэнг 2016 оны 5-9 сард Монголын үндэсний музейд зохион байгуулав.

Төмөр зэвсгийн үеийн археологийн өөр нэгэн соёл болох Чандмань-Сагилын соёлын судалгааг Монголд 45 жилийн дараа дахин эхлүүлж, Сагилын голын хөндийд томоохон дурсгалуудыг нээн илрүүлж 2017 онд 7 дурсгалыг малтан олон арван ховор ба хосгүй эд өлгийн зүйлс илрүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол-Германы хамтарсан төслийн хүрээнд хүрэл зэвсгийн үеийн булш, тахилгын байгууламжийн судалгааг Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Майхан толгой хэмээх газарт явуулж 30 орчим дурсгалыг малтан шинжилж зарим эд өлгийн зүйлс илрүүлснээс гадна Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт шинэ чулуун зэвсгийн үеийн 200 орчим булш бүхий дурсгалт газрыг шинээр нээн илрүүлж, гүймэг малтлага судалгааны ажлыг гүйцэтгээд байна. 

 

Салбарын зорилт

Өвөг Монголчуудын угсаа гарал, угсаатны хөгжлийн явцыг археологи, антропологи, генетикийн судалгаагаар нарийвчлан тогтоох, нийгэм-аж ахуй, соёл, шашин шүтлэгийн цогцолбор судалгааг Евразийн хүрэл-төмрийн үеийн соёл иргэншлийн суурь дээр үндэслэж монголын онцлогийг тодорхойлох, мал аж ахуйн үүсэл, хөгжил, төмөрлөг боловсруулалтын хөгжлийн үндсэн зүй тогтлыг илрүүлэн судлах, нас тогтоох шинжилгээг хийх, радиокарбон, рентген-изотоп, газарзүйн мэдээллийн системийн үр дүнг нэгтгэн судлах нь тус салбарын судалгааны үндсэн чиглэл юм. Энэхүү үндсэн чиг үүргийн хүрээнд салбар нь дараах зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд: 

·  Монголчуудын өвөг түүхийн үеийг археологи, угсаатны судлалын үүднээс цогцоор нь судлах, 

·  Мал аж ахуйн үүслийн талаар цогц судалгааг явуулах 

·  Евразийн бүс нутгийн эртний нүүдэлчдийн соёл иргэншил хоорондын харилцааг судлах, монголын нүүдэлчдийн аж ахуй, үйлдвэрлэлийн онцлогыг судлах, нийгэм, хүрээлэн буй орчин, соёлын судалгааг явуулах 

· Монголын хүрэл, төмрийн үеийн археологийн судалгаагаар илэрсэн дурсгалуудад нарийвчилсан анализ, судалгааг хийх, газар зүйн мэдээлэлийн нэгдсэн системийн үр дүнг нэгтгэн судлах

 

Хамрах хүрээ

Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах бөгөөд хөрш зэргэлдээ улс орны нутагт дэвсгэрт хийгдэж буй судалгааны ажлыг ашиглана.

Өвөрмөц нөхцөл байдал: Монгол улсын нутаг дэвсгэр нь хүрэл, түрүү төмрийн үеийн голлох томоохон соёлуудын голомт нутаг бөгөөд амьтны загварт урлаг, монументаль урлаг, нүүдэлчдийн цэрэг зэвсэг, нүүдлийн соёл иргэншилийн өлгий нутаг, нүүдэлчийн төрт улсын уг үндэс болсон овог аймгуудын түүхэн дурсгалыг агуулж байдаг. Энэ ч утгаараа дэлхийн хүрэл, түрүү төмрийн үеийг судлаачдын анхаарлыг ямагт татдаг онцлогтой. 

Хөрөнгө оруулалт:  Гадаадын их, дээд сургууль, музей, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд болон дотоодын суурь судалгаа, грант, захиалгат, хамтарсан төслийн санхүүжилтээр судалгаа явуулж байна.

Хамтын ажиллагаа

Тус салбар нь Германы Боннын Их сургууль, Францын Үндэсний байгалийн түүхийн музей, Тулуз, Сорбонны Их сургууль, Монакогийн Нэн эртний хүн судлалын музей, Солонгосын  Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн зэрэг 5 улсын 7 байгууллагатай хамтарсан эрдэм шинжилгээний төслийг зохион байгуулж буйгаас гадна эрдэм шинжилгээний ажилтан Г.Энхбаяр Хятадын Ардын Их сургуулийн магистрантурт, Н.Баярхүү Хятадын Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн докторантурт хамтын ажиллагааны хүрээнд суралцаж байна.