Нийтлэсэн
Товч танилцуулга
ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2005 оны 19 дүгээр тогтоолоор Археологийн хүрээлэнгийн бүтцэд “Археологийн дурсгалыг авран хамгаалах сектор”-ыг тусгай нэгжтэй байхыг баталсан байна. Улмаар 2009 онд Археологийн хүрээлэнгийн “Археологийн дурсгалыг авран хамгаалах судалгааны сектор” болон шинэчлэн байгуулагдаж, 2015 онд Түүх, археологийн хүрээлэнгийн “Археологи, угсаатны авран хамгаалах салбар”, 2017 онд судалгааны чиглэл болон чиг үүргийн хувьд өргөжүүлэн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 10-р тогтоолоор “Археологийн мэдээлэлийн сан ба авран хамгаалах салбар”, 2019 оноос Археологийн хүрээлэнгийн “Мэдээллийн сан ба археологийн өвийн менежментийн салбар” нэртэйгээр ажиллаж байна. Тус салбарт 3 судлаач ажиллаж байгаагаас доктор (Ph.D) 2, магистр 1 байна (Ч.Амартүвшин, Б.Бадма-Оюу, Б.Батдалай).
Салбарын судалгааны үндсэн чиглэл нь тус хүрээлэнд хадгалагдаж буй 70 орчим жилийн туршид хуримтлагдсан археологийн дурсгалын мэдээлэл болон шинээр бүртгэн баримтжуулалт хийсэн археологийн дурсгал, олдворын талаарх бүх төрлийн мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, мэдээлэх үүрэгтэйгээс гадна Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу уул уурхай, зам, барилга, байгалийн болон хүний үй ажиллагааны үр дүнд сүйтгэгдэж болзошгүй болон сүйтгэгдэж буй түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах, угсаатан зүйн мэдээлэл цуглуулах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд археологийн хайгуул, малтлага судалгааны ажлыг гүйцэтгэхэд оршино. Мөн археологийн дурсгал, олдворуудыг ашиглан Монголын эртний түүх, соёлын талаар зөв ойлголт өгөх, олон нийтийг соён гэгээрүүлэх зэрэг сурталчилгаа, танин мэдэхүйн үйл ажиллагааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.
Тус салбар нь 2017-2019 онуудад “Монголын археологийн дурсгалын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх урьдчилсан судалгаа” суурь, судалгааны төсөл (ШуСо-2017/18)-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд Монголын археологийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх боломжийг судлах, уг мэдээллийн санд тулгуурлан аялал жуулчлал, их дээд сургуулийн сургалтанд ашиглах талаар урьдчилсан судалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүргийн зэрэгцээ тухайн мэдээллийн суурь судалгаанд ашиглахад чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Нийт 4 нэгэн сэдэвт бүтээл 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг гадаад, дотоодод хэвлүүлээд байна.
Салбарын зорилт
Үндэсний хэмжээний археологийн мэдээллийн сан үүсгэх, “Монгол улсын нутаг дэвсгэр дэх археологийн өвийн судалгаа” газар зүйн мэдээллийн 1:1.000.000 масштабтай зураг үйлдэх, соёлын биет болон биет бус өвд нөлөөлөх эрсдлийн үнэлгээг тодорхойлж, арга зүйг боловсруулах, удирдлагаар хангах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, түүх, соёлын өвийн судалгааг олон нийтэд түгээн таниулах, сурталчлах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх тус салбарын үндсэн чиг үүрэг юм. Энэхүү үндсэн чиг үүргийн хүрээнд салбарын зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
· Археологийн нэгдсэн мэдээлэлийн санг ижил төстэй байгууллагын мэдээлэлийн сантай уялдуулах, түүний арга замыг тодорхойлох,
· Археологи, угсаатны зүйн арга зүй аргачлалыг тодорхойлох, эрдэм шинжилгээний тайлангийн стандартыг буй болгох зорилт тавих,
· Археологи, угсаатны зүйн авран хамгаалах судалгааг суурь судалгааны ажилтай уялдуулахад анхаарлаа хандуулж ажиллах,
· Археологийн мэдээлэлийн санд газарзүйн мэдээлэлийн сан, геодез зураг зүйг сүүлийн үеийн арга зүйг хэрэглэж ахисан түвшны судалгааг хэрэгжүүлж эхлэх,
· Археологийн мэдээлэлийн санд тулгуурлан олон нийтэд зориулсан газрын зургийн 1:1.000.000 масштабтай эхний хувилбарыг нэгтгэж хэвлэн нийтлүүлэх,
· Археологийн мэдээлэлийн санд тулгуурлан аялал жуулчлалын маршрутыг буй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах,
· Археологийн биет дурсгалын мэдээлэлийн санд өмнөх үеийн судалгаанд хамрагдсан мэдээлэлийг тоон системд буулгаж газрын зурагт буулгах.
Хамрах хүрээ
Монгол улсын нутагт ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн тэнхим, музей, соёлын өвийн төв болон өөрийн байгууллагын нийт салбар нэгжүүдтэй хамтран ажиллана.
Өвөрмөц нөхцөл байдал: Монгол улсад хийгдэж буй археологийн авран хамгаалах судалгааны 50-аас дээш хувийг дангаараа гүйцэтгэдэг. Тэр хэмжээгээр археологийн авран хамгаалах судалгааны тайлангийн дийлэнхи хувь тус хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Хөрөнгө оруулалт: Гадаадын их, дээд сургууль, музей, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд болон дотоодын суурь судалгаа, грант, захиалгат төслийн санхүүжилтээр судалгаа явуулж байна. Мөн Монгол улсын холбогдох хууль журмын дагуу соёлын өвийн хадгалалт хамгаалалт, судалгааны төсөл, грант авч байна.
Хамтын ажиллагаа
Тус салбар нь АНУ-ын Ийелийн Их сургууль, Жеоржиагийн Их сургуулийн Изотопын судалгааны төв, Японы Эхимэ Их сургуулиудтай хамтран ажиллахаас гадна эрдэм шинжилгээний ажилтан Б.Жаргалан, Д.Бөхчулуун АНУ-ын Ийелийн Их сургуулийн докторантурт хамтын ажиллагааны хүрээнд суралцаж байна.