Судар бичгийн хүрээлэнгээс 1924 оны 8 дугаар сарын 7-нд батлан гаргасан “Хуучны зүйлийг сахин хамгаалах дүрэм” бол Монгол улсад археологийн биет дурсгал, түүх, соёлын үнэт зүйлсийг судлан шинжлэх, хадгалж хамгаалах талаар гаргасан анхны хууль зүйн баримт бичиг байв. Энэхүү дүрмийг Монгол улсын хэмжээнд дагаж баримталж байснаас гадна гадаад оронтой байгуулсан эрдэм шинжилгээний гэрээ, хэлэлцээрт тусган мөрдөж байжээ.
1961 оны 10 дугаар сарын 13-нд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулахад өмнө нь “Түүх-эдийн засгийн судлах газар” нэртэй байсан эрдэм шинжилгээний байгууллага нь Түүхийн хүрээлэн болон өргөжиж ШУА-ийн үндсэн хэдэн хүрээлэнгийн нэг болон зохион байгуулагджээ. Тус хүрээлэнгийн анхны гурван нэгжийн нэг нь Археологи-этнографийн тасаг бөгөөд даргаар нь доктор Н.Сэр-Оджав (1923-1990) томилогдон ажиллаж байв.
1978 онд БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологи-этнографийн тасгийг Археологи болон Этнографийн сектор болгон өөрчлөн зохион байгуулжээ.
Тус Археологийн сектор нь 1998 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төв болон өргөжиж, эрхлэгчээр академич Д.Цэвээндорж томилогдон нийт 15 ажилтны бүрэлдэхүүнтэй болсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 159 дүгээр тогтоолоор Археологийн хүрээлэнг үүсгэн байгуулж, анхны захирлаар академич Д.Цэвээндорж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Б.Цогтбаатар нар томилогдон ажиллаж байв.
2014 онд Монгол Улсын Засгийн газрын 27 дугаар тогтоолоор Түүхийн хүрээлэн болон Археологийн хүрээлэнг нэгтгэж Түүх, археологийн хүрээлэнг байгуулсан бөгөөд захирлаар академич С.Чулуун, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Н.Ганбат нар томилогдон ажиллажээ.
2019 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар Түүх, археологийн хүрээлэнг бүтцийн өөрчлөлтөд хамруулж Археологийн хүрээлэнг ШУА-ийн харьяанд 43 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин байгуулсан юм.
Хүрээлэнгийн захирлаар доктор, дэд профессор Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Н.Эрдэнэ-Очир нар томилогдон ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар Археологийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг Захиргаа, аж ахуй болон эрдэм шинжилгээний 6 салбартай байхаар баталсан байна.
Тус хүрээлэнгийн удирдах дээд байгууллага нь Эрдмийн зөвлөл бөгөөд ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар Археологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, даргаар захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, нарийн бичгийн даргаар доктор Н.Эрдэнэ-Очир, гишүүдэд академич Д.Цэвээндорж нарын 17 гишүүнтэй байхаар батламжилжээ.
Ийнхүү Монгол Улсын төр засаг, шинжлэх ухааны төв байгууллагын бодлого, шийдвэрээр Археологийн хүрээлэн дахин байгуулагдаж, “Монгол улсын үндсэн хууль”, “Шинжлэх ухаан технологийн тухай”, “Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль, “Шинжлэх Ухааны Академийн дүрэм”, “Соёлын өвийн судалгаа хийх журам” болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын конвенциудын хүрээнд Монгол болон бүс нутгийн нэн эрт, эрт, дундад үеийн археологийн дурсгалыг судлах, авран хамгаалах, сурталчлах, мэдээллийн сан үүсгэх, археологийн өвийн менежментийн бодлого боловсруулах, гадаад улстай хамтарсан судалгаа явуулах, археологийн хайгуул, малтлага судалгаа гүйцэтгэх, бусад байгууллагыг арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.