Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 0

Чулуун зэвсгийн судалгааны салбар

Товч танилцуулга

2002 онд Археологийн хүрээлэн байгуулагдсанаар тус салбар “Чулуун зэвсгийн судалгааны сектор” нэртэйгээр анхлан судалгааны үндсэн чиглэлээ тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 2015-2019 онд Түүх, археологийн хүрээлэнгийн “Археологийн судалгааны төв”, 2019 оноос Археологийн хүрээлэнгийн “Чулуун зэвсгийн судалгааны салбар” нэртэйгээр ажиллаж байна. Өнөөгийн байдлаар тус салбарт 7 судлаач ажиллаж байгаагаас доктор (Ph.D) 5, магистр 2 байна (Б.Гүнчинсүрэн, Я.Цэрэндагва, Ц.Болорбат, Д.Базаргүр, Д.Одсүрэн, Г.Лхүндэв, Г.Ангарагдөлгөөн). 

“Чулуун зэвсгийн судалгааны салбар” нь Монгол нутаг дахь чулуун зэвсгийн үеийн археологийн дурсгалуудыг бүртгэн баримтжуулах, хайгуул, малтлага судалгааны чиглэлээр дангаараа тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд Монголын хуучин чулуун зэвсгийн үеийн соёлт давхаргатай дурсгалуудын холбогдох он цаг, эртний хүний ахуй амьдралд дөрөвдөгчийн үеийн уур амьсгал, хүрээлэн буй орчин хэрхэн нөлөөлж байсныг тодруулсан юм. Монголын умард хэсэгт орших Их Төлбөрийн гол, Харганын гол, Эгийн голын сав нутгийн томоохон дурсгалуудын чулуун зэвсгийн хөгжлийн үе шатыг чулуун зэвсгийн олдвор агуулагдах хөрсний үе давхаргуудын эрдэс судлалын үр дүнд тулгуурлан тодорхойлсон нь Монгол орны ихэнх хэсгээр тархсан ил суурингуудын холбогдох он цагийг харьцуулан тогтоох боломж олгосон байна.  

Мөн үе үеийн судлаачдын судалгаа шинжилгээний үр дүнд Монгол нутгаас илрүүлсэн чулуун зэвсгийн дурсгалууд, тэндээс илрүүлсэн олдвор хэрэглэгдэхүүнийг нэгтгэн Монголын чулуун зэвсгийн дурсгалын нэгдсэн мэдээллийн санг бий болгосон ба өнөөгийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрээс 800 гаруй дурсгалт газар илрүүлээд байна. 

Сүүлийн жилүүдэд доод палеолитын үед холбогдох, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн өвөрмөц онцлогийг илэрхийлэх томоохон дурсгалуудыг нээн илрүүлсэн билээ. Монгол орны өмнөд хэсэг Галбын говь болон түүний орчмын бүс нутгаас илрүүлсэн Хацавчийн толгод, Зүрх уул, Байшинт, Шарилын уулын ил суурин-дархны газрууд нь Ярх уул, Ёроол говь зэрэг гилбэр зэвсгийн үйлдвэрлэлийн арга ажиллагааг илэрхийлэх томоохон дурсгалуудын судалгааны үр дүнг бататгаж өгсөн ба доод палеолитын үед өрнө зүгт өргөн дэлгэрсэн гилбэр болон бифас зэвсгийн үйлдвэрлэлтэй адил арга технологи өнөөгийн Монгол нутагт оршин байсныг илэрхийлэх бодит баримт болсон юм. 

Монголын чулуун зэвсгийн судалгааны чиглэлээр гадаад болон дотоодод хэвлэгдсэн томоохон бүтээлүүдэд манай салбарын судлаачид үндсэн болон хамтран зохиогчоор оролцон ажиллаж байна. Үүнд: 1980-аад оны дунд үед эртний нууруудын хөндийд явуулсан чулуун зэвсгийн судалгааны үр дүнд илрүүлсэн дурсгалуудын олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан Я.Цэрэндагва, А.П.Деревянко, Д.Цэвээндорж “Баянхонгор аймгийн хуучин чулуун зэвсгийн дурсгалууд” (УБ., 2017), хуучин чулуун зэвсгийн соёлт давхаргатай дурсгалуудын судалгааны үр дүнд тулгуурлан тус салбарын судлаачид “Монголын чулуун зэвсгийн судалгаа. Палеолитын үе: Соёлт давхаргатай суурингууд” (УБ., 2016) нэгэн сэдэвт хамтын бүтээл туурвисан. Хуучин чулуун зэвсгийн доод шатнаас шинэ чулуун зэвсгийн үед холбогдох томоохон дурсгалуудаас илрүүлсэн, чулуун зэвсгийн үе бүрийн хөгжил, үйлдвэрлэлийн арга ажиллагааг илэрхийлэх олдворуудыг багтаасан “Монголын чулуун зэвсгийн үе” (УБ., 2016) каталогийг хэвлүүлээд байна.

Хуучин чулуун зэвсгийн дурсгалуудын онцлог, судалгааны өвөрмөц байдал, олдворуудын төрөл зүйн ангилал зэрэг палеолит судлалын өргөн ухагдахууныг хамруулсан сургалтын хэрэглэгдэхүүнийг Я.Цэрэндагва “Палеолит судлалын үндэс” (УБ., 2017) нэртэйгээр хэвлүүлэв.

Одоогийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон плейстоцены үеийн хүний ясны цорын ганц олдвор болох Салхитын хүний ясыг тус салбарын судлаачид олон улсын судалгааны багтай хамтран шинжилж, энэхүү гавлын яс 34.950-33.900 Cal.BP жилийн өмнө холбогдохыг тогтоосон ба митохондрийн геном (mtDNA)-ийг сэргээн орчин үед Евразид өргөн тархсан хүний mtDNA (Haplogroup N) бүлэгт багтахыг тодруулжээ. Энэ нь Евразийн бүс нутагт палеолитын үед амьдарч байсан хүний генийн уламжлал өнөө үе хүртэл хадгалагдсан болохыг тогтоосноороо шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой судалгаа болжээ.

Чулуун зэвсгийн үеийн хүний нүүдэл, суурьшил, ахуй амьдралын хэлбэрийг тодруулахад хүрээлэн буй орчин, ялангуяа тэдний амин зуулгын гол эх булаг болсон ан амьтдын төрөл зүйлийг тогтоох судалгаа ихээхэн чухал байдаг. Тиймээс тус салбарын судлаачид Японы мэргэжил нэгт нөхдийн хамт Хэнтий аймгийн Өндөрхаан хот (хуучин нэрээр)-ын төвөөс санамсаргүй байдлаар олдсон савагт хирсний ясанд хэмжилт судалгаа хийж, холбогдох он цагийн асуудлыг лабораторийн судалгаагаар тогтоосон байна. Судалгааны үр дүнг “Discovery of Late Pleistocene rhinocerotid fossil from Ondorkhaa, eastern Monfolia // doi10.5575/geosoc.2017.0058. Vol. 123, No. 12, 2017” олон улсын геологийн судалгааны цахим сэтгүүлд хэвлүүлсэн. Мөн хирсний ясыг бэхжүүлж Хэнтий аймгийн музейн үзмэр болгон дэглэв. Энэ нь Монгол нутагт дөрөвдөгчийн үед амьдарч байсан өвсөн тэжээлтэн амьтны харьцангуй бүтэн араг ясны төлөөллийг улсдаа анх удаа нийтийн үзмэр болгосон үр өгөөжтэй ажил болов.

Чулуун зэвсгийн төгсгөл шат болох неолитын дурсгалын судалгааг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч, дурсгалуудын онцлог, тухайн үеийн хүний ахуй амьдралын хэв маяг, аж ахуйн хэлбэрийг тодорхойлохыг зорьж байна. Сүүлийн жилүүдэд Монгол орны говийн бүс нутагт хийгдсэн чулуун зэвсгийн болон хүрлийн үеийн apxeoлoгийн cyдaлгaaны эx xэpэглэгдэxүүнд тyлгyypлaн мөcтлөгийн cүүл үeэc мaл aж axyйн үүcэл xүpтэлx үeийн гoвь нyтгийн түүxийн өмнөx үeийн acyyдлyyдыг нэгтгэн дүгнэcэн томоохон өгүүлэл L.Janz, D,Odsuren, D.Bukhchuluun “Transitions in Paleoecology and Technology: Hunter-Gatherers and Early Herders in the Gobi Desert” // Journal of World Prehistory (2017) 30: pp.1-80. (DOI 10.1007/s10963-016-9100-5) хэвлэгдсэн байна. 

Тус салбарын судлаачид чулуун зэвсгийн үеийн дурсгалаас гадна хадны зургийн судалгааны чиглэлээр түлхүү ажиллаж ирсэн. Монголын хадны зургийн дурсгалуудыг судалж эрдэм шинжилгээний өгүүлэл, нэгэн сэдэвт бүтээл хэд хэдийг туурвиснаас томоохон нь Я.Цэрэндагва “Далан Түргэний Хос толгойн хадны зураг” (УБ., 2016), Д.Цэвээндорж, Б.Гүнчинсүрэн, Ж.Гантулга, Ч.Амартүвшин “Баян Айрагийн хадны зураг” (УБ., 2013); Н.Батболд, Б.Гүнчинсүрэн, Ч.Амартүвшин, Д.Одсүрэн, Г.Галдан, Л.Ишцэрэн “Баян Айрагийн хадны зураг” дэд боть (УБ., 2018) зэрэг болно. 

  

Салбарын зорилт

 Төв, Зүүн хойд Азийг дамнан орших Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт тархсан чулуун зэвсгийн бүхий л үеийн дурсгалуудыг археологи, байгаль шинжлэлийн аргаар нарийвчлан судлах, эртний хүмүүсийн ахуй амьдрал, нийгэм соёлын цогц судалгааг бүс нутгийн өвөг түүхийн суурь дэвсгэр дээр явуулж, Монголын дурсгалуудын онцлогийг тодруулах, эрт үеийн хүрээлэн буй орчин, хүмүүсийн нүүдэл суурьшлын зам чиглэл, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн хувьсал хөгжил, бүс нутгийн түүхэнд үзүүлсэн нөлөөллийг тодруулах нь тус салбарын судалгааны үндсэн чиглэл юм. Энэхүү үндсэн чиг үүргийн хүрээнд салбар нь дараах зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд: 

·  Монгол нутагт амьдарч байсан нэн эртний хүний ул мөрийг шинээр илрүүлэх, Монгол нутагт амьдарч байсан нэн эртний хүний он цагийг урагшлуулах,

·  Палеолит, мезолит, неолит, энеолитийн үеийн шилжилтийн уялдаа холбоо, он цагийн хамаарлыг нарийвчлан тогтоох,

·  Дунд палеолитоос дээд палеолитын үед шилжих шилжилтийн асуудлыг нягтлах,

·  Неолитоос хүрэл зэвсгийн үед шилжих шилжилтийн асуудлыг тодруулах,

·  Палеолит, мезолит, неолит, энеолитийн үеийн хүний үйлдсэн хөдөлмөрийн багаж зэвсэг болон тэдгээрийг хийсэн арга технологийг нарийвчлан судлах, түүхэн цаг үе тус бүрд гарсан дэвшилтэд зүйлс, хувьсал өөрчлөлт, хөгжлийн зүй тогтлыг тодорхойлох.

 

Хамрах хүрээ

Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах бөгөөд хөрш зэргэлдээ улс орны нутагт дэвсгэрт хийгдэж буй судалгааны ажлыг ашиглана.

Өвөрмөц нөхцөл байдал: Төв болон Зүүн Азийн плейстоцены үеийн уур амьсгал, эртний хүний чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга технологийн өөрчлөлт, нүүдэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг шинэ олдвор баримтаар баяжуулахад Монголын чулуун зэвсгийн дурсгалууд судлаачдын анхаарлыг татаж байдаг онцлогтой. Монголын чулуун зэвсгийн дурсгалуудын судалгааны үр дүнд бүс нутгийн чулуун зэвсгийн үеийн соёлын өөрчлөлт ба он цагийн шинэ шаталбарыг гарган тавьж болно.

Хөрөнгө оруулалт: Гадаадын их, дээд сургууль, хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төслүүд, дотоодын суурь судалгаа, грант, захиалгат төслийн санхүүжилтээр судалгааны ажлаа явуулж байна.

Хамтын ажиллагаа

Тус салбар нь ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн, АНУ-ын ЮС Девисийн Их сургууль, Техасын Их сургууль,  Японы Токио хотын Метрополитан Их сургууль, Канадын Трентийн Их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өв, археологийн хүрээлэн зэрэг таван байгууллагатай эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд хамтран ажиллаж байна.